ИД: Халдлага - 1-р анги

Бутархай

Ид, эго, супер эго Хэрэв саяхан гаргасан ID Invaded үзсэн бол маш сонирхолтой ойлголтууд гарч байгааг анзаарсан байх. Invaded дээр гарч буй алуурчин бүрд өөрийн гэсэн идеологи байдаг нь анзаарагдсан. (3-р ангийн орчуулга дууссан. Удахгүй гарах биз. Тэнд бүр тодорхой дүрслэгдсэн). Хүмүүсийг зүгээр ч нэг алаад байдаг бус үхэлд нь ямар нэг бэлгэ тэмдэг байсан. Тэр дундаас Нүхлэгчийнх их сонирхолтой санагдаад байгаа юм. Тэрнээс өмнө идийн тухай сонирхолтой байх болов уу гээд хэдэн товч баримт хүргэе. Нэрт сэтгэл судлаач Зигмунд Фройд хүний сэтгэц, ухамсрыг өнгөц талд орших ухамсарлахуй, цаана нь байх үл ухамсарлахуй, тэр хоёрын завсарт байх хагас ухамсарлахуй гэж үндсэн 3 хуваасан аж. Ухамсарлахуй хэсгийг "эго" бүрдүүлдэг. Эго нь бодит байдалтай холбоотой байж, биднийг өдөр тутмын харилцаанд ороход бодитоор ухамсарлах үүрэгтэй. Харин бид өөрсдөө ч оршдог эсэхийг нь мэдэхэд ярвигтай асар том үл ухамсарлахуйг супер эго, ид бүрдүүлдэг. Супер эго бол нийтээс буюу нийгмийн зүгээс хүүхдийг бага байхаас төлөвшүүлсэн ёс суртахуун юм. Бид өөрийн эрхгүй тэр ёс суртахууныг дагаж заншсан байдаг. Ихэнхдээ яагаад гэж асуулгүйгээр. Яагаад хулгай хийх нь ёс бус зүйлд тооцогддог вэ? (Хулгай хийж буй хүн ч тэрийгээ базаахгүй зүйл гэж тодорхой мэддэг) Хүнийг гомдоох нь яагаад муу зүйлд орох вэ? Мэдэхгүй. Харин ид бол хүний хүсэл, таашаал авахыг эрмэлзэгч бодол бөгөөд даруй биелэгдэхийг шаардаж байдаг. Дөнгөж төрсөн нялх хүүхдэд супер эго бус ид давамгай оршино. Өлссөн үедээ шууд уйлна. Хажууд унтаж байгаа ээжийг, аавыг сэрээх вий гэсэн зүйл хүүхдийн толгойд байхгүй. Даруйд биелэгдэх гэсэн ид л түүнийг удирдана. Фройд идийг ерөнхийд нь либидо буюу сексийн, танатос буюу устган сүйтгэх хүслийн гэж хуваасан. Мэдээж үүн дотор бусад байгалийн инстиктүүд багтана. Тэгэхээр алуурчны алах хүсэл ч хүний энэ устган сүйтгэх байгалийн хүсэл буюу идээс гаралтай. Орчин цагт хүмүүс тэр хүслээ видео тоглоом тоглох, аллага хядлагатай кино үзэх, тулааны спорт үзэх зэргээр хангадаг гэж үздэг юм билээ. Хүнд тохиолдсон цочрол өгөхөөр таагүй дурсамжаас (багадаа хүчирхийлүүлж байсан, хайртай нэг нь нас барж хүнд цохилт болсон) өөрийгөө хамгаалахын тулд оюун санаа нь түүнийг үл ухамсарлахуйд нууж орхидог гэж Фройд үзэж байжээ. Хүн уг үйл явдлыг хэдийн даваад гарсан гэж өөрөө итгэх боловч тэгээгүй байх нь олонтаа. Хар бараан үйл явдлын тухай дурсмагц уйлж эхэлдэг нь даван гарсан бус ердөө л үл ухамсарлахуйдаа булж орхисны тэмдэг гэдэг. Улмаар хүн өөрөө ч мэдэлгүй түүнээсээ нөлөөлдөг байж болох. Тэгэхээр хэрэгтний ид рүү шумбаж байна аа гэдэг нь элдэв нийгмийн мораль, бодит байдлын хүлээсгүйгээр шууд хүний үнэн хүсэл, нүцгэн төрх рүү нь шумбаж байна аа гэсэн үг болох нь. (Ёстой хачирхалтай санаа).

Бусад ангиуд