Бидний тухай

MNFansubs

MNFansubs гэдэг нь Mongolian Fansubs гэх үгний товчлол бөгөөд Монгол хадмал орчуулга сайн дураараа хийгчдийн нэгдэл гэсэн утгатай юм. Анх 2007 оны 11н сарын 15нд kR0Nix нь [MNG fansub] гэх нэрэн доор Наруто Шиппүүдэн анимэн 35-р ангийг орчуулж анхны гараагаа эхэлсэн юм.

Тухайн үед хадмал орчуулга хийх програм хангамж нь тийм ч сайн хөгжөөгүй, мөн доороо гадаад орчуулгагүй цэвэр анимэ бичлэгийн олдоц маш ховор байсан. Гадаад форум, сайтуудад фэнсаб хийх зөвлөгөө хомс, фэнсаб хийдэг багуудын тоо ч одоогийнхоос хэд дахин бага байлаа. Удаан хугацааны судалгааны дараагаар 2008 оны намраас kR0Nix болон Shur!k гэсэн 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр MNFansubs гэх нэрэн доор Наруто Шиппүүдэн анимэг 84-р ангиас үргэлжлүүлэн орчуулж гаргах болсон бөгөөд удалгүй багтаа NoiR, C0iL нарыг авсан юм.

Сайт маань хараахан хүмүүст танигдаагүй, интернэт хэрэглэгчид Монголд цөөн, анимэ үздэг хүмүүс ч бага байсан болохоор эхний 50, 100н таталт хийгдэхэд бид баярлан урамшдаг байсан үе саяхан. 2009-2010 он нь манай багийн хувьд оргил үе байсан бөгөөд Death Note прожэктийг дуусгаж, Монголын үзэгчдийн хараахан сайн мэддэггүй байсан төсөл болох One Piece анимэг орчуулан хүргэж эхэлсэн юм. Энэ үед багт ETB (Bleach), Shika (FMA), Khurle (Code Geass), Melodie (Highschool of the Dead), Нямбаяр (IRIS), Энхмандах гэх орчуулагчид ажиллаж байлаа.

Анимэ, манганаас гадна Солонгосын олон ангит 'IRIS' цуврал, 'District 9 (2009)', 'Om Shanti Om (2007)', 'A Blood Pledge (2009)', 'Ice Age 3 (2009)', 'Calla (1999)', 'Serendipity (2001)', 'Be with You (2004)', 'Inception (2010)' кинонуудыг тус тус орчуулан хүргэж байсан юм.

Мөн 2010 оны 1 сард тухайн үеийн форумын идэвхтэй гишүүдээс сонгон Мөрөн, Joy нараар ахлуулсан Амир, Tsn, Shikai, Tse зэрэг бүрэлдэхүүнтэй багийг бүрдүүлэн манга орчуулгын Manga4mN салбар сайтыг ажиллагаанд оруулсан нь бас нэгэн том алхмуудын нэг байсан юм.

2010-2011 онд Наруто Шиппүүдэн анимэн нэг ангийн дундаж таталт 9,000-13,000 хүрч байсан бөгөөд хэд хэдэн удаа 20,000 таталт хүрсэн нь дурдахгүй байхын аргагүй том амжилтын нэг билээ. 2011 оны хавраас МНФэнсабс баг нь гадаадад хүчээ үзэхээр гадаадын Yonkou багтай хамтран Уан Пийс анимэг Японоос Англи хэл рүү орчуулан гадаадуудад хэдэн сарын хугацаанд хүргэж байсан юм.

МНФэнсабс баг нь шинэ залуу үеийг байнга дэмжиж, тэдэнд заавар зөвлөгөө өгч хамтарч ажиллаж байсны нэг нь үйл ажиллагаа нь зогсонги болоод байсан AniSubs багийн Sonic, Starkk, FaiRy гишүүдийг багтаа авч идэвхжүүлсэн явдал юм. Мөн онлайн заавар зөвлөгөө оруулахаас гадна Coca-Cola Happiness Center дээр Фэнсаб хийх тухай 3н цагийн лекцийг тавьж байсан удаатай билээ.

2012 оноос багийн хуучин гишүүд өөрсдийн хувийн амьдралаа хөөж багийн үйл ажиллагаа нь хэсэг хугацаанд завсарлах болсон ч шинэ залуу хүчээр цусаа сэлбэснээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байна. Одоогоор МНФэнсабс баг нь InFi ахлагчтайгаар, NoiR, Osiris, Oppos1te, Kilo, Slayar, Ridd, Earlgrey зэрэг хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.